Дүрэм горим

Бясалгалын танилцуулга:

Випашяна бол Энэтхэгийн хамгийн эртний бясалгал юм. Хүн төрөлхтөн түүнийг мартан өнө удаан жил болсон ч одоогоос 2500 жилийн өмнө Бурхан Гоутам өөрийн биеэр дахин нээн илрүүлж чадсан билээ. Випашяна гэдэг нь үнэнийг бодитогоор харж мэдэх гэсэн утгатай үг юм. Випашяна бясалгалаар хүн өөрийн сэтгэлийг ариусгах аргыг эзэмшдэг. Бясалгагч орж гарч буй амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж, оюун санаагаа мэдрэмтгий хурц болгодог. Тийнхүү мэдрэмтгий хурц болсон оюун ухаан нь бие махбод, сэтгэл санаанд тэр бүү хэл ертөнцийн үнэн болох мөнх бус чанарыг ч нэгэн цагт ойлгон ухаарна. Чухам энэ үнэнийг биеээр мэдэрсэнээр хүний сэтгэл ариусч эхэлдэг. Випашяна бясалгал нь ямар нэгэн шашин шүтлэг, шашны бүлэглэлд хамаардаггүй. Ертөнцийн нийтлэг зовлонгоос ангижруулах  бүгдэд нэгэн ижил үйлчлэх эм мэт билээ. Тийм ч учраас энэ бясалгалыг ямарч шашин шүтлэгтэй, нийгмийн гаралтай хэн ч хэзээ ч, хаана ч чөлөөтэй хийж болох бөгөөд бүгдэд ижил сайн үр дүнгээ өгдөг нь батлагдсан юм.

       Випшяна бясалгал хүнийг ариуслын дээд шат  болох гэгээрэлд хүргэх увидастай. Биеийн өвчнийг анагаах зэрэг нь ердөө ч бясалгалын зорилго биш билээ. Сэтгэл ариуссаны үндсэн дээр сэтгэлтэй холбоотой олон өвчин эдгэн илаарших нь харин бий. 

       Випашяна нь үнэн чанартаа хүн төрөлхтөний зовлонгийн эх үүсвэр болсон хүсэл шунал, үзэн ядалт, мунхагийн гэмийг багасгах арга-зөв амьдрах ухаан юм. Энэ бясалгалаар тууштай хичээллэснээр хүн хуучин муу зуршлаасаа салж, нийгэмд өөрийн эерэг талыг харуулан, орчин тойрондоо аятай уур амьсгал бүрдүүлэхэд тусалдаг.

      Өөрийгөө өөрчлөн ариусгах нь хэзээ ч амар даваа байгаагүй. Үүний тулд зогсолтгүй ажиллах л хэрэгтэй. Өөрийн тань өмнөөөс таны төлөө хэн ч ажиллахгүй. Ганцхан та л өөрийнхөө төлөө зүтгэх  хэрэгтэй.  Энэ бясалгал жинхэнэ шийдвэртэй ажиллах, бясалгалын дүрэм горимыг чандлан сахиж чадах хүмүүст, тэдний сайн сайхны төлөө зориулагдсан зүйл юм шүү.  Эдгээр дүрэм горим нь энэ бясалгалын салшгүй нэгэн хэсэг юм.

Бясалгалын дүрэм горим:

          Арван хоног гэдэг дотоод сэтгэлийнхээ гүнд нэвтрэн орж буглаа болсон хир буртаг нисванысуудыг үндсээр нь устгахад мэдээж хангалттай хугацаа биш. Гэсэн ч бусдаас тусгаарлагдмал байж бясалгалаа тасралтгүй хийх нь үр дүнд хүрэх амжилтын үндэс болдог. Бясалгалын дүрэм горим ч үүнд зориулагдсан юм. Дүрэм горим нь багш хийгээд бясалгалыг зохион байгуулагчдын тусын тулд байдаггүй. Мөн ямар нэгэн ямар нэгэн шашны мухар сүсэг биш билээ. Бясалгал хийдэг хэдэн мянган хүний олон зуун жилийн хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан бүтээгдсэн дүрэм горимыг чандлан мөрдсөнөөр бясалгалын таатай уур амьсгалыг бүрдүүлж байдаг бол түүнийг зөрчих нь бясалгалын таатай уур амьсгалыг бохирдуулж орхидог. Бясалгагчид 10 хоногийн турш бясалгах ёстой. Үүнээс гадна бусад дүрэм горимуудыг сайтар уншиж танилцахыг зөвлөе. Бясалгалын дүрэм горимыг шудрагаар чандлан мөрдөж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа хүмүүс л бясалгалд суух зөвшөөрөл хүсэх хэрэгтэй.

      Үнэн сэтгэлээсээ хичээн бясалгал хийхгүй хүн бусдад саад болоод зогсохгүй өөрийн үнэт цагийг ч давхар үрэх болно. Бясалгалд суухаар ирсэн хүмүүст бясалгалын дүрэм горим нь хатуу санагдаж бясалгалаа дуусгалгүй дундаас орхих явдал нь таагүй төдийгүй өөрт тань хор нөлөөтэй гэдгийг сануулах нь зүйтэй юм. Түүнчлэн олон дахин сануулсаар байхад дүрэм горимыг мөрдөхгүй байснаас болж таныг явахыг шаардахад хүрэх нь үнэхээр азгүй хэрэг болох билээ.

Сахих сахилууд:  

      Бүх бясалгагчид бясалгалын туршид доорхи сахилуудыг чандлан сахих ёстой. Үүнд:

  1. Амьтны амь хөнөөхгүй байх.
  2. Хулгай хийхгүй байх.
  3. Худал хэлэхгүй байх.
  4. Хурьцал үйлдэхгүй байх.
  5. Архи тамхи зэрэг хортонг хэрэглэхгүй байх.

Хуучин бясалгагчид нэмж доорхи сахилуудыг мөрдөнө. Үүнд:

  1. Үдийн 12 цагаас хойш юм идэхгүй байх.
  2. Биеэ гоёж гоодохгүй, чимэг зүүлт зүүхгүй байх.
  3. Өндар гоёмсог ор хэрэглэхгүй байх.

Шинэ бясалгагчид 17 цагийн завсарлагаар цайлж, унд ууж юм идэж болох бол хуучин бясалгагчид зургаа дахь дүрмийн дагуу зөвхөн цай, хярам уух болно. Эрүүл мэндийн шалтгаанаар хоолны дэглэмийг өөрчлөх хүсэлтэй бол багшдаа хэлэн өөрчилж болно.

Багш болон бясалгалын аргыг хүлээн зөвшөөрөх:

         бясалгагчид бясалгал хийх хугацаандаа өөрсдийгөө бясалгал заах багшдаа болон Випашяна бясалгалд бүрэн бүрэн дүүрэн зориулж дүрэм горим цагийн хуваарийг чандлан мөрдөх хэрэгтэй. Зөвхөн энэ тохиолдолд л аливаа хүн өөрийгөө бүрэн дайчлах боломжтой байдаг бөгөөд үр дүнд хүрч чадна. Гэхдээ юу хийх гэж  ирсэнээ бүрэн ухааран өөрийгөө зориулахаас бус сохор итгэл, мухар шүтлэгээр аливаад хандах учиргүй. Багшдаа итгэн бясалгалдаа шамдах нь бясалгагчдыг зөв залах, хамгаалахад нэн чухал юм.

Шашны зан үйл ба бусад бясалгалын аргууд:

     Бясалгалын туршид лаа, арц хүж асаах эрхээр маань тоолох, тарни унших залбирал үйлдэх зэргийг хориглоно. Бусад бясалгалын аргуудыг сайлж муулалгүйгээр 10 хоногийн турш хойш тавих хэрэгтэй. Ингэснээр та бүх анхаарлаа Випашяна бясалгалд хандуулж түүнийг шудрагаар цэгнэн үзэх боломжтой болно. Бясалгагчид Випашяна бясалгалтай хамт ямар нэгэн өөр төрлийн бясалгалыг холихгүй тэвчих хэрэгтэй. Багш олон удаа сануулсан хэдий ч Випашяна бясалгалтай хамт өөр төрлийн шашны зан үйлийг хольж хутган өөртөө хор хохирол учруулсан тохиолдол гарч байсан удаатай. Тиймээс бясалгалд суух гэж ирсэн хүмүүс  багшийн заасан зааврын дагуу түүнд юуг  ч нэмэхгүй, юуг ч хасахгүйгээр ёсчлон дагаж бясалгах хэрэгтэй юм. Ямар нэгэн эргэлзэх асуух зүйл гарваас багшдаа хандан тодруулж болно.

Иогийн болон биеийн тамирын дасгал: 

         Хэдийгээр Иогийн болон биеийн тамирын дасгал Випашяна бясалгалын үед хийж болох боловч бясалгалын орчинд дасгал хийх тохиромжтой газар байхгүй учир зөвхөн алхах дасгал хийх боломжтой.

Багшаас зөвлөгөө авах:

        Бясалгалын талаар эргэлзээтэй асуудлыг зөвхөн багшаас тодруулан асууж болно. Үдийн 12-13 цаг, оройн 9-9:30 цагийн хооронд болон завсарлагааны цагуудад багшаас тодруулга авч болно. Эдгээр цагийг зөвхөн бясалгалтай холбоотой асуултад зориулах бөгөөд гүн ухааны цэцэрхэл маргаанд зориулагдаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Юм ярихгүй нам гүм байх:

          Бясалгагчид эхний өдрөөс эхлэн 10 дахь өдрийн өглөөний 10 цаг хүртэл юм ярихгүй нам гүм байх горимыг чандлан мөрдөх хэрэгтэй. Нам гүм байна гэдэг нь бие, хэл? сэтгэлээрээ нам гүм байхыг хэлнэ. Дохио зангаагаар, бичиг цаасаар, үйл хөдөлгөөнөөрөө бусад бясалгагч нартай харилцахыг тэвчих хэрэгтэй. Гэсэн хэдий ч бясалгагчид хэрэгтэй бол хэдэн ч удаа багштай уулзаж эргэлзээтэй асуудлаа лавлаж болно. Мөн орон байр, хоол унд зэрэгтэй холбоотой асуудлуудыг бясалгал зохион байгуулж буй хүмүүстэй уулзан шийдэж болно. Гэхдээ олон дахин уулзахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Нэг гэр бүлийнхэн буюу хосууд:

        Бясалгалын төвд эрэгтэй эмэгтэйгээр тусгаарлан байрлуулна.

Шашны зүүлт, тэмдэг сахиус:

       Шашны холбогдолтой зүүлт сахиус зэргийг авч ирэхгүй байх хэрэгтэй. Хэрэв нэгэнт төв дээр авч ирсэн бол бясалгал зохион байгуулагчдад мэдэгдэж тэдэнд хадгалуулж болно.

Үнэт эдлэл:

        Үнэт эд зүйлсийг найдвартай хадгалах нөхцөл байхгүй учраас бясалгалд суухаар ирэхдээ авч ирэхгүй байхыг зөвлөе. Хэрэв нэгэнт авч ирсэн бол бясалгалын зохион байгуулагчдад мэдэгдэж хадгалуулах нь зүйтэй.

Хувийн бэлтгэл:

        Бясалгалд суухаар ирэгсэд өөрийн өдөр тутмын хэрэглээний оо, шүдний сойз, саван, алчуур хөнжил гудас, цагаан хэрэглэл гэх мэт зүйлсүүдээ авч ирсэн байх шаардлагатай.

Хар тамхи, мансууруулах бодис:

          Манай улсын хуульд хар тамхи биедээ авч явах, хэрэглэхийг хатуу хориглодог. Энэ төрлийн зүйлсийг бясалгалын төв дээр авчрахыг хориглодог. Хэрэв ямар нэгэн эмчийн заавраар эм уух шаардлагатай бол багшдаа заавал мэдэгдэх ёстой. Бясалгалын төв дээр тамхи татах, хамрын тамхи хэрэглэхийг хатуу хориглоно.

                                        Хувцас:

        Биедээ эвтэй даруу хувцаслахыг эрхэм болгоно уу! Цээж нуруу ил гарсан хувцас, богино өмд, банзал өмсөх нь халууны улиралд ч зөвшөөрөгдөхгүй болохыг анхаарна уу. Наранд биеээ шарах нь төв дээр хориотой зүйлийн нэг юм.

                                       Ариун цэвэр:

       Бясалгагчид нийтийн байранд амьдарч бясалгал хийх тул тогтмол усанд орж цэвэр хувцаслан элдэв үнэртэн хэрэглэхгүй байх шаардлагатай.

                                        Гадна холбоо:

        Бясалгалын турш бясалгагчид төвийн байрнаас гадагш гарч болохгүй. Утсаар ярих, захиа бичих, хүнтэй уулзах бясалгалын туршид хориотой. Хэрэв зайлшгүй тохиолдолд гаднаас хүн ирсэн тохиолдолд  зохион байгуулагчид эхлэн уулзаж шаардлагатай бол зөвшөөрөл олгоно. Мөн бясалгалын зохион байгуулагчдаас бусад хүмүүс ажилчидтай ч ярих хориотой.

                                       Хоол:

           Бясалгалын төвд олон улс орны, олон хүн ирж бясалгадаг тул бүх хүний сэтгэлд нийцсэн хоол бэлтгэх боломжгүй байдаг.  Энгийн махгүй хоолоор бясалгалын турш үйлчлэх бөгөөд хүн бүрээс үүнтэй зохицохыг хүсэх байна.  Хэрэв хоолны тусгай дэглэм, онцгой хүсэлттэй бол анх бүртгүүлэх үедээ бясалгалын зохион байгуулагчдад мэдэгдэнэ үү!

                                        Унших бичих:

             Бясалгалын үеээр ямар ч ном, тэр бүү хэл Випашяна бясалгалтай холбоотой материал, ном сонин унших, тэмдэглэл хөтөлж болохгүйг анхаарна уу. Ингэх нь таны анхаарлыг саринуулж бясалгалд саад болох учраас бүх цаг заваа бясалгалдаа зориулах хэрэгтэй.

                                        Видео бичлэг хийх, зураг авах:

             Зөвхөн багшийн зөвшөөрлөөр хийгдэнэ.

                                        Бичиг баримт:

             Гаднаас бясалгалд суухаар ирсэн хүмүүс бясалгалын туршид Монголд байхад хүчинтэй паспорт визтэй байх хэрэгтэй. Мөн бясалгал эхлэх үед бүртгүүлэх шаардлагатай.

                                         Орон байрны үнэ:

               Ариун номын бясалгалыг заахад үнэ хөлс авахгүй. Байр зохион байгуулалт, ажилчдын хөлс, тээврийн зардал, татвар, ус, хоол, цахилгаан болон бусад зардал урьдын бясалгагчдын хандив, өглөгөөр төлөгддөг бөгөөдбясалгалын төв нь өөр ямар нэгэн орлогын эх үүсвэргүй билээ. Бясалгалын төвийн барилга байгууламж нь мөн л өглөг хандиваар баригддаг юм. Цаашдын бүх үйл ажиллагаа энэ л маягаар явагдах болно.

               Ариун номын уламжлалын дагуу бясалгалын төв нь зөвхөн бясалгал хийж түүний үр өгөөжийг хүртэн цаашид олон хүнд хүртээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах гэсэн ариун сэтгэлтэй хүмүүсийн өргөсөн их бага өглөгийг хүлээн авч түүнийгээ зөвхөн бясалгал зөвхөн бясалгал зохион байгуулахад л зориулдаг юм. Тийм ч учраас бясалгалд анхлан сууж байгаа хүмүүсээс өглөг авдаггүй. Харин бясалгал дууссаны дараа буяны сэтгэлээр өглөг өгч болно.

               Дээр дурдсан дүрмүүдийн аль нэг нь эсвэл нилээн хэд нь таалагдахгүй, ойлгомжгүй байвал өөртөө эргэлзээгээ хадгалж буруу зүйл хийсээс сэргийлэн нэн даруй багштай болон зохион байгуулагчидтай уулзан тодруулга авна уу!

               Эцэст нь сануулахад Випашяна бясалгалын замд амжилт гаргах нь таны буян парами хийгээд таны чин зүтгэл, итгэл бишрэл, үнэнийг эрхэмлэх, ойлгох билгүүн зэрэг хүчин зүйлс таньд хэр зэрэг хөгжсөнөөс шалтгаална.

 

Цагийн хуваарь:

                Дараахь цагийн хуваарь нь бясалгалыг тасралтгүй үргэлжлүүлэн амжилтанд хүргэхэд чиглэгдсэн байдаг бөгөөд бясалгагчид түүнийг чандлан мөрдөх хэрэгтэй.

Өглөөний 4:00                            Өглөөний босох хонх

4:30 – 6:30                                     Бясалгалын зааланд бясалгах

6:30 – 8:00                                     Өглөөний цай

8:00 – 9:00                                     Нийтийн бясалгал /зааланд/

9:00 – 11:00                                   Багшийн зааврын дагуу /зааланд ба өрөөндөө/

11:00 – 12:00                                 Үдийн хоол

12:00 – 13:00                                 Амралт /зааланд багштай уулзах/

13:00 – 14:30                                  Бясалгалын зааланд бясалгах

14:30 – 15:30                                   Нийтийн бясалгал /зааланд/

15:30 – 17:00                                  Багшийн зааврын дагуу /зааланд ба өрөөндөө/

17:00 – 18:00                                  Оройн цай

18:00 – 19:00                                  Нийтийн бясалгал /зааланд/

19:00 – 20:30                                  Номын айлдвар

20:30 – 21:00                                  Нийтийн бясалгал /зааланд/

21:00 – 21:30                                   Асуулт хариулт

21:30                                                   Өрөөндөө амрах

       Жич: Нийтийн бясалгалын үеэр бясалгалын танхимаас гарч болохгүйг анхаарна уу!

      Дээрх дүрэм горим цагийн хуваарь нь энэхүү бясалгалаас ач тусыг хүртэхэд таньд туслах болтугай!

 

 

Advertisements

4 thoughts on “Дүрэм горим

  1. Энэ он дуустал хичээллэхгүй гэсэн үү ?
    Дараа оны эхээр хичээллэх үү? Хичээллэх тодорхой тов байвал мэдэгдэж болх уу?

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s