Нэгэн буянт эмэгтэй 10 жилийн турш Ариун явдалт нэгн хуваргад үйлчлэн хоол унд, хувцас хунар хийж өгөх зэргээр асардаг байж гэнэ. ТЭр Хуварга бүх л амьдралаа Бурханы ариун ном бясалгалд зориулсан нэгэн байлаа. Тэр зөвхөн бясалгал хийж Бурханы номыг гүнзгийрүүлэн сурахаас  өөр юу ч хийдэггүй  байлаа. Тэр бүү хэл тэрхүү эмэгтэйтэй хүртэл харьцахыг цээрлэдэг байлаа.

Нэгэн өдөр өнөөх эмэгтэй  -Энэ ламтан үнэхээр ийм ариун явдалтан мөн гэж үү? хэмээн бодоод түүнийг туршиж үзхээр шийдэж гэнэ.

Тэр эмэгтэй нэгэн үзэсгэлэнт сайхан охинтой юмсанжээ. Гэртээ хариад өнөөх охиноо сайтар гоёж гоодож гэнэ. Охин бүр ч илүү үзэсгэлэнтэй болж хэнбугай нь ч харсан сэтгэл алдрахгүй байхын аргагүй тийм сайхан харагдаж байв. Тэгээд ээж нь охиндоо Ламтанг туршиж үзэх гэж байгаагаа тайлбарлан хэлж гэнэ. Охин ч зөвшөөрчээ. Ламтанд шинэ хувцас, амттай сайхан хоол хүнс бэлдээд охиндоо өгөөд явуулж гэнэ.

Охин өнөөх ламын гэрт очоод бэлдсэн шинэ хувцас, хоолоо өгч гэнэ. Ламтан маш их баярлан хувцасыг нь өмсөн хоолыг нь иджээ. Охин явахдаа Ламын хацар дээр үнсээд: -Танд сая юу мэдрэгдэв гэж асууж гэнэ ээ. Хариуд нь лам: -Хүв хүйтэн яг л өвөл шиг хүйтэн мэдрэмж төрлөө гэж охинд хэлж гэнэ. Өнөөх охин Ламтан үнэхээр мундаг юм аа. Миний үнсэлт хүртэл түүнд ямарч нөлөө үзүүлсэнгүй шүү гэж боджээ. Ингээд ээждээ очин болсон бүх явдлыг хэлж гэнэ. Гэтэл ээж нь маш их уурлан: -Хнн, Би энэ муу чөтгөрт бүтэн 10 жил үйлчлэх гэж дээ! Арай ч дээ, би түүнийг журамт сайн Лам гэж боддог байсан маань эндүүрэл байж гэж хэлээд Ламын гэрт очин гэрийг нь юу ч үгүй болтол нь түүвээж хаясан гэдэг.

Асуулт:   Тэр эмэгтэй яагаад тэгэж их уурласан бэ?

Ламтан ямар буруу зүйл хийсэн гэж бодож байна?

Хариулт: Ламтан бүх л амьдралаа зөвхөн Бурханы заасан бясалгал номд зориулсан гэж дээр гарсан. Мөн тэр эмэгтэйтэй хүртэл харьцахыг цээрлэдэг байсан. Тэгсэн атлаа үзэсгэлэнтэй сайхан залуу бүсгүй ирээд өөрт нь үйлчлэхээр түүнтэй юм ярьж баярласнаа илэрхийлээд зогсохгүй, түүний үнсэлтэнд хүртэл догдлон “Өвөл шиг хүйтэн санагдлаа” энэ тэр гэсэн сээтэгнүүр хариулт хэлсэнд байгаа юм.  Бүх амьдралаа Бурханы номд зориулсан хүний хувьд ийм хариулт өгөх нь үнэхээрийн ариун бус явдал бөгөөд нөгөөтэйгүүр юм мэдэхгүй залуу охныг өөртөө татсан өөрийгөө дөвийлгөн харагдуулах гэсэн зохисгүй үйлдэл байсан юм. Харин олон жил номын ёсоор амьдарсан эмэгтэй Ламын энэ байдлыг шууд л ойлгон түүнийг “чөтгөр” хэмээн нэрлэсэн байна.

Тиймээс ариун номын замаар замнан буй бясалгагч хэн боловч хутагтын амгаланг дээдэлж, тууштай байж сэтгэлээ нэгэн үзүүрт болгох нь маш чухал юм аа.

Энэ үлгэрээс урам аван цаашдын бясалгал даяанаа цэвэр ариун байлгацгаая!

Хамаг амьтан амар амгалан болох болтугай!

Advertisements

Тэнгэрийн орны гоо бүсгүй мэт
Танхил ялдам төрхөөрөө
Тэнцэн ядаж буй сэтгэлийг чинь
Тэр гэх юмгүй үймүүлдэг нь
Тун ч хэцүү даваа мэт санагдана.
Бүх цагт зарим санваартан
Бүтэлгүй дурлалтай учирсан байхад
Би ч гэсэн учраа л биз хэмээн
Бүдүүн зүрх гарган тэнэглэвээс
Бясалгал даяан хийхийн хэрэг юусан
Ангид орших амьдралыг сонгочихоод
Ангайж түүнрүү ширтээд байвал
Авралын зам арилж
Ангалын харанхуй нүх нээгдэнэ.
Аяа тэр нүхнээс гарах завшаан ахин олдохгүй.
Билгүүн ухаан нь тэгширсэн
Бүгдийн шалтгааныг оносон
Биеэр илтэд туулсан бясалгагч бээр
Балчигт намагт шигдэхгүй
Балайрч дэмийрэх чөлөө үгүй ажээ.
Хүүрийн газраас ургуулсан
Хүрэн улаан цэцгээр гоёж
Хүсэл тачаалын бэлгэдэл болж
Хүйс эсрэг дүрээр үзэгдэн
Хэмнэлт амьсгалыг чинь тасладаг нь
Чөтгөрийн явуулга гэмээр
Чөлөө учралгүй сэтгэл гижигдэнэ.
Үзэгдэх дүрээр ятгалаг эхэлж
Үнгэлдэх ноололдохоор удаалж
Уран үгсээр сөхрүүлж аваад
Үүссэн ариун билгүүн арилах цагт
Үнсэнд хаясан шалз шиг орхин одно тэр.
Эр эм хүмүүс эвцэлдэн орших хорвоо гэж
Энгийн хүний ухаанаар хандвал
Энгүй энэ замаар замнах хэрэг юусан билээ.
Энэлж шаналсаар л гүйцэнэ шүү дээ.
Хатуу шийдвэрээ биелэл болголгүй.
Халширан байж үзэсгэлэнд сөхөрвөл
Ханьцашгүй үнэн ном чамаас холдон
Хар шарын завсар болох бус уу.
Үнэн хэрэгтээ эсрэг хүйстэн гэж үгүй
Үгүйлэн түүнийг мөрөөсөхийн ч хэрэггүй
Үгүй хоосон түүний биед
Үүрд тачаахгүй нь мэдээж
Хүүхэн бие нь гаднаа сайхан
Хүрэлцэх мэдрэмж нь өөрт сайхан
Хүлээлст энэ сэтгэл нь
Хоосон бөгөөд мөнх бус
Зургаан эрхтэндээ тачаалыг үүсгэх нь
Зуурдын жаргал төдий атал
Зуун жил жаргах юм шиг андууравч

Зул унтрах төдийхөн хугацаанд тэр нь
Зузаан гомдол дагуулсан зовлон болдог.
Янаг амрагийн явдалд
Яасан их хүлэгдэнэ вэ бясалгагч минь
Ялгуулсан ариун Бурхадын
Ялсан түүхийг бясалгаад
Янагуухь үзлээ орхин огоорч
Үнэнийг илтэд мэдэрцгээе бясалгагчид аа!
Хамаг амьтан ойртон тачаахгүй байж тэгш амгалан орших болтугай!

Итгэл төгс гэрээ орхин 
Ирээдүйн Үйл үрийн үндсийг 
Илтэд таслах билгүүнтэн нь 
Эргэн төрөх зовлонгоос 
Эгнэгт салахын нэр ээ.

Утга учрыг нь олох аваас 
Угаас үнэн зам нь энэ бөгөөд
Уужим дэлхийн юмс үзэгдэл
Ургаж хагдрах жамтайг санах нь 
Уршигт нисванисаас ангижрахын нэр ээ.

Аглагийн оронд амар суух зуур
Аймшигт сэтгэл чинь чамайг 
Ахуй ертөнцрүү буцаах 
Арчаагүй бодолыг үүсгэж,
Арга чаргаа хэрэглэж эхэлнэ ээ 

Амгалан тайван сэтгэлээр 
Ажиг сэжиг дүүрэн суухад
Араас өндөлзөх чөтгөрийн 
Амьсгалын чимээ айдас төрөм байвч 
Айж эмээхгүй ажиглавал зэрэглээ төдий зүйл ээ.

Төрсөн биеийн үзэмжинд шунан
Тэнэг мунхагаар сэтгэлээ дүүргэн
Тэнүүн сайхан аглагт зорихгүй бол
Тайван амгалангаас холдох нь тэр ээ.

Хүний хүүхний цогцост шунан 
Хүлэгдэн араас нь гэлдрэх аваас
Хясалт ертөнцийн жам үйлчилж
Халуун тамын галыг өөрөө бүтээх нь тэр ээ.

Сэтгэл оюунт хүн “би” мөн хэмээн хөөрөвч
Салхи жаварлан эсгэрхийн төдийд
Сахь сэтгэл чинь хямраад
Салхи шигээ тогтворгүй болчихдог биш үү.

Оюун ухаантан мөн л юм бол
Огторгуйн салхины мөн чанар нь 
Огоот хоосон зүйл гэдгийг 
Ойлгон суугаад инээх байсан биш үү.

Хайрлах үнэн сэтгэлтэй 
Халуун зүрхэт хүн гэж хөөрөвч
Хагацхын мөчид зүрх чинь 
Хагаран бутрах шиг шаналдаг бус уу.

Үүрд хайрлах сэтгэлд чинь 
Үнэний хувь бий бол
Үлдсэн амьдралаа зориулаад
Үхсэн биеийг нь тэтгэх хэрэгтэй бус уу.

Хорвоо үнэхээр мөнх бус хэмээн
Хилэгнэн тэрхэн үедээ ухаарах боловч
Хичнээн удаан тэр тухай бодддогсон билээ
Хэнбугай нь ч үүнийг ухаарах сөхөөгүй болчихно. 

Нэг л мэдэхэд үс нь цайгаад 
Нэрийн төдий амьтан болохоороо
Нээрэн би чинь хэнсэн билээ хэмээн
Нэрэлхэж бодтроо бодох вий дээ.

Насан эрт ахуйдаа
Наашаа хэмээн буянд дуудах
Номын багш садан луугаа учран
Нэгэн насаа үр дүнтэй өнгөрөө 

Хамаг амьтан амар амгалан болох болтугай! – Бхавату Сабба Мангалан!